Гоёлын дээлээ хэрхэн сонгох вэ?

2010-01-31 23:38

Монгол үндэсний хувцас нь өөртөө төрөл бүрийн бэлгэдлийг агуулсан хүндэтгэлтэй хувцас.

Жилдээ ганц тохиодог цагаан сар, наадмаараа өмсч гангардаг. Энэ жилийн монгол дээлийн загвар, донж, түүний хэрэглэл болох малгайн загвар, бүсний өнгө ямар байх тухай “Чимбай” салоны загвар зохион бүтээгч Э.Баярзул, Т.Мөнхцэцэг нар зөвлөж байна.

Торго
Дээлийн эх бие нь яах аргагүй торго юм. Тиймээс эхлээд торгоо зөв сонгох хэрэгтэй. Торго бол тансаг бүтээгдэхүүн. Түүний гайхамшиг нь өнгө, хээ, материалдаа байдаг. Тиймдээ ч сайн торго агшдаггүй, сунадаггүй, саа гялгар багатай даавуулаг байдаг. Чанартай сайн торгыг шатаахад үнс үлддэг бол муу торго хайлдаг байна. Нэг хэсэг хээ томтой торго моодонд орж байсан бол харин энэ жилийн торгоны сонголт өнгөн дээр тогтож буй аж. Учир нь байгалийн гэгээлэг өнгө таны энэ жилийн гоёо болох юм.

Дээл
Дээл торгоныхоо өнгийг тодорхойлчихсон боло­хоор одоо дээлнийхээ загварыг сонгох хэрэгтэй. Энэ жилийн дээлийн заг­вар уужтай байх гэнэ. Залуучууд монгол дээлийн элемент орсон Европ загварыг түлхүү сонирхож байсан бол одоо энэ бүгдээс татгалзан үндэсний уламж­лалт хувцасны загварыг сонгож байна. Гэхдээ үүн дээр нэг зүй­лийг анхаарах хэрэгтэй. Юу гэхээр, манайхан өмсч буй дээлийнхээ нударгыг тэр бүр анзаараад бай­даггүй. Ихэвчлэн том далбагар нударганы заг­варыг сонгодог. Тэгвэл дээлийн нударгыг дэлбэн, цомбон гэж хоёр ангилдаг. Дэлбэн нударга гэж том далбагар нударгыг хэлдэг бол жи­жиг­хэн нударгыг цомбон гэдэг. Дэл­бэн нударгыг бөхчүүд ихэвчлэн хэрэглэдэг байна. Эмэг­тэйчүүдийн хувьд мөн л ууж өмсөх бөгөөд харин дээл нь бүсгүй, шулуун загвартай байх аж.

Малгай
Малгай бол хувцасны таван овоо, төрийн есөн эрдэнийн нэг юм. Монгол хүн малгайгаа эрхэмлэн дээдэлдэг нь ч үүнтэй холбоотой. Энэ жил Дарьганга загварын дөрвөн талтай, орой дээрээ зангидсан сампинтай малгай зонхилно. Малгай зангидсан сампин, дөрвөн талтай байдаг нь бас л учиртай. Монголчууд манжийн эрхшээлд байхдаа шавь дөрвөн аймагтай байж. Энэ дөрвөн аймгийг илэрхийлж, малгайг дөрвөн талтай болгож түүнийг бат бөх байг хэмээн зангидсан сампинг орой дээр нь байрлуулсан байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн өмсдөг малгайг дээлэндээ зохицуулахад л болох аж.

Бүс
Бүс нь эр хүний хамгийн эрхэм хэрэглэл юм. Тиймдээ ч эр хүний бүсийг төрийн есөн эрдэнийн нэг гэдэг байна. Монголчууд бүсийг зүгээр нэг бүсэлчихдэггүй байв. Бүс бол эр хүний бат бэх байдлыг бэлгэдэж буяныг нь тогтоодог хэмээн үздэг. Эрчүүд дээлийнхээ өнгөнд зохицуулж шар, ногоон өнгөтэй даавуун, эсвэл дурдан бүсийг бүсэлдэг аж. Учир нь, ногоон бүс газрын өнгийг бэлгэддэг бол шар өнгө нарны өнгийг илэрхийлдэг. Гэхдээ сүүлийн үед эрчүүд мөнгөн бүсийг түлхүү хэрэглэх болсон. Энэ нь ч тэдэнд зохидог. Харин гэр бүлтэй эмэгтэй хүн бүс бүсэлдэггүй байна. Бүсийг нөхөрт гараагүй, охид л бүслэх бөгөөд түүнд буян тогтдог аж. Эмэгтэй хүн бүсний оронд бэл хэмээн мөнгөн тоногтой, таван өөр өнгийн алчуурыг ташаандаа зүүдэг бөгөөд үүнд буян нь тогтдог байна.

Хүүхдийн хувцас
Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг мөн л монгол дээлийн хослолоор ноён, хатан мэт хувцаслах нь таны хамгийн зөв сонголт байх болно. Гэхдээ мэдээж дээл нь уужтай байх бөгөөд охин хүүхдийг хувцаслахдаа бүс бүслүүлж үсийг нь тэгш тоотой олон салаа сүлжих хэрэгтэй гэнэ.

Гутал
Залуучууд монгол гутлыг дээлтэйгээ хослуулан өмсөх нь элбэг болсон ч хүсвэл хромон гутлаа өмсч болно. Харин бүсгүйчүүд мэдээж монгол гутлыг тэр бүр өмсөөд байдаггүй болохоор орчинтойгоо зохицсон цэмцгэр урт нарийхан хоншоортой гутал өмсөх нь зүйтэй.
 

Ангилал : Zuvulguu | Нийтэлсэн : shurka | Уншсан (1538) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл